МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ТАНИЛЦУУЛГА

      

МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ТАНИЛЦУУЛГА

 

Мэдээллийн сайт байгуулах үндэслэл: Оршихуй, одохуйн дунд орчлон багтаж буй. Бидний дунд нэгэн цаг үед амьдран сүүн цагаан мөрөө үлдээн дээд тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийн хойтод буян үйлдэх, сайнаар эргэн дурсах нь хүний ёс бөгөөд тэдэндээ хүндэтгэл илэрхийлэх нь улс үндэстнүүдийн уламжлалт соёлын салшгүй хэсэг билээ.

Одоогоор бурхан болоочдын намтар, аж амьдрал, ажил хөдөлмөрийн замнал, түүхэн үйлс, алдар цол, гавьяа шагналыг тусгасан эмгэнэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн нэг удаагийн давтамжтай илэрхийлэх явцуу хэлбэр зонхилж байгааг өөрчилж, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан монгол уламжлалаа шинэ агуулгаар хөгжүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч байна.

Мэдээллийн сайтын эрхэм зорилго:   Бид монгол уламжлалаа хүндэтгэж, дээдсийнхээ дурсгалыг мөнхжүүлэн нийгмийн сайн сайхны төлөө ажиллана.

Үйл ажиллагааны үндсэн зорилго: Бурхан болоочдын намтар, аж амьдрал, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, алдар цол, гавьяа шагнал, бүтээл туурвил, ариун дурсгалыг өнөд мөнхжүүлэх, хойтын буян үйлдэх, цаашид удам угсаа дамжуулан гэгээн дурсамжаар улам баяжуулах, тэдний захиас сургаалыг ирээдүй хойч үеийнхэнд үлдээх, монголын ард түмний удмын алтан санг одооноос эхлэн бүрдүүлэхэд үндсэн зорилго оршино.   

Мэдээллийн сайтын онцлогБурхан болоочдын ариун дурсгалыг өнөд мөнхжүүлэх, хойтын буян үйлдэх, цаашид удам угсаа дамжуулан гэгээн дурсамжаар улам баяжуулах, тэдний бүтээл туурвил, захиас сургаал, гэрэл зургийн цомог, видео бичлэг зэрэг бодит өвийг ирээдүй хойч үеийнхэнд үлдээх боломж олгож буйгаараа Ургийн бичиг хөтлөх бусад төрөлжсөн сайтуудаас ялгаатай.

Мэдээллийн сайтын үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрхэм зорилго нийгмийн сэтгэл зүйд нийцэн олон нийтийн зүгээс талархал хүлээж байгаа бөгөөд дэлхий дахинаа бурхан бологсдоо дурсах олон улсын өдрөөр нийгмийн сайн сайхны төлөө буяны арга хэмжээ зохион байгуулахад орлогын тодорхой хэсгийг зориулна.

Мэдээллийн сайтын цаашид технологийн дэвшлийн ололтод тулгуурлан агуулга, хэлбэрийг улам боловсронгуй болгох, үйлчилгээний төрөл хэлбэрийг нэмэгдүүлнэ.

 

--- ооо О ооо ---