Зан үйл
Тахил өргөх ёс
2017.07.27

     Бурханы шашинтан хүний өдөр тутам хийдэг зан үйл бол тахил өргөх ёс юм. Тахилд юуг өргөх нь хязгааргүй ч ихэвчлэн харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэлцэх буюу идээ, үнэртэн, зул, хүж, цэцэг, өлмий сэрүүцүүлэх ус, рашаанаар таван мэдрэхүйг баясгах зүйл байж болно. Мөн усан тахил өргөнө. Энэ нь 7-8 ширхэг байна. Тахилыг өргөхийн өмнө орон гэр, бурхан шүтээнийхээ тоосыг цэвэрлээд шүтээндээ гурав болон түүнээс дээш мөргөнө. Усан тахил өргөх бол тахилын цөгцөө зүүнээс баруун өрөх бөгөөд хоорондын зай арвай будаан чинээ байх, усаа хийхдээ өөрийн амьсгаа болон хир буртаг оруулж болохгүй, бага багаар ихэсгэж хийнэ. Хэт дүүрэн биш бас дундуур хийж болохгүй ингэвээс гэм гарах тул цээрлэх хэрэгтэй хэт дүүрэн хийснээр билэг оюун цалхайрна. Дундуур хийвээс ухаан санаа тогтворгүй идээ эдлэлээр хомс байх гэх мэтийн гэмүүд гарна. Ер нь юу идэж ууснаараа тахь гэдэг учир цай хоолныхоо дээжийг өргөх хэрэгтэй. Өргөх тахил нь бусдаас хулгайлж хуурч олсон зүйл байж болохгүй тахилын цөгц болвоос алт мөнгө зэс гууль зэрэг эрдэнийн зүйл байвал сайн.

Тахил өргөхийн бодол нь

     Бодьтой бэлдсэн эдгээр тахил нь маш олон болж хувиллаа хэмээн санаад бурхан шүтээндээ өргөхөд тэдгээр бурхад ихэд баясч байна хэмээн сана. Ингэж чадваас таны өргөсөн тахилыг бурхад таалан хүлээж авах бөгөөд тус эрдмүүд их гарна. Тахилаа хураахдаа өглөө өргөсөн бол орой баруунаас нь эхэлж авч хураана. Хураасан зүйлээ өөрөө идэж уух юм уу хангай дэлхий лус савдагтаа өргөж болно. Цөгцөө сайн арчиж цэвэрлээд тахил өргөөгүй үедээ байнга доош нь харуулсан байх хэрэгтэй эс тэгвээс бурханд юм өргөхгүй гэсэн муу барилдлагыг зохиож буй тул түүнийг анхааран хянамгайлах нь эрхэм бөлгөө.