Үйл ажиллагаа
“АРД ТҮМНИЙ АЛТАН САН” МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН ИЛГЭЭЛТ
2017.09.25

     Оршихуй, одохуйн дунд орчлон багтаж буй.  Хорвоо ертөнцөд их хувь тохиолоор заяах эрдэнэт хүмүүний төрлийг олж, нигүүсэл, энэрэл, хайраар амьдран түмэн олныхоо сэтгэл зүрхэнд сүүн цагаан зам мөрөө үлдээн Дээд тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх,  төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийн хойтод буян үйлдэх, сайнаар эргэн дурсах нь хүний ёс бөгөөд тэдэндээ хүндэтгэл илэрхийлэх, дурсгалыг мөнхжүүлэх нь бидний уламжлалт соёлын салшгүй хэсэг билээ.

     Өнөөдрийн байдлаар бурхан болоочдын намтар, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, алдар цол, гавъяа шагнал, бүтээл туурвилыг тусгасан эмгэнэлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн нэг удаагийн давтамжтай илэрхийлэх явцуу хэлбэр зонхилж байгаа юм.

     Мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан Монгол уламжлалаа шинэ агуулгаар хөгжүүлэн бурхан болоочдын ариун дурсгалыг өнөд мөнхжүүлэх, хойтын буян үйлдэх, удам угсаа дамжуулан гэгээн дурсамжаар баяжуулах, захиас сургаалийг ирээдүй хойч үеийнхэнд үлдээх, монголын ард түмний удмын алтан сан бүрдүүлэх зорилго бүхий “Ард түмний алтан сан” мэдээллийн сайт www.atas.mn вэб хуудсаа шинэчлэн Та бүхэнд хүргэж байна.    

     “Удмаа мэдэхгүй хүн Уулнаа төөрсөн сармагчин лугаа”, “Үндэсгүй мод ургадаггүй, Үргүй хүн жаргадаггүй” хэмээн манай ухаант ард түмэн сургаж ирснийг сайтар санан өдгөө нөмрөөд байгаа цус ойртолтын аюулыг гэтлэх, цаашид удам угсааны түүхээ хойт үедээ дамжуулан үлдээхэд мэдээллийн сайтын ач холбогдол мөн оршино.

     Мэдээллийн сайтад бурхан болоочийн ариун гэгээн дурсгалыг хугацаагүйгээр, үеийн үед мөнхжүүлэн хадгалах бөгөөд ойр дотны хүмүүс нь бүртгэлийн тусгай дугаар ашиглан улам баяжуулан дэлгэрүүлж байхын зэрэгцээ буян санасан хэн бүхэн орж, ном айлтгуулан хүндэтгэл илэрхийлж, зөв сэтгэл тээн хоцрох боломжтой юм.

     Мэдээллийн сайтын үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрхэм зорилго нийгмийн сэтгэл зүйд нийцэн олон нийтийн зүгээс талархал хүлээж байгаа бөгөөд дэлхий дахинаа бурхан бологсдоо дурсах олон улсын өдрөөр “Улаанбаатар буян” ХХК-тай хамтран нийгмийн сайн сайхны төлөө олон төрлийн буяны арга хэмжээ зохион байгуулж байна.

     Ялж төгс нөхчсөн, Түүнчлэн заларсан, Дайснаа дарсан, Үнэхээр төгсгөсөн Бурхан багшийн ханьцашгүй их сургаалийг амьдрал ахуйдаа хэвшүүлж, өөрөө жаргаж, өрөөлийг хайрлан хүндэтгэж, Монголын уламжлалт зан үйлийн дагуу дээдсийнхээ гэгээн дурсгалыг өнөд мөнхжүүлж, ард түмнийхээ удмын алтан санг бүрдүүлэх үйлсэд сэтгэл нийлэн хамтран ажиллахыг хүсэж, Таныг гүнээ хүндэтгэсэн,

 

 

                                                                                                                  Н.ХАНОЙ

                                                                                                                 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                                   

 

 

Хаяг: Улаанбаатар хот

                      Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо

                      Автозамчдын гудамж, 54

                     “Улаанбаатар буян” ХХК

Вэб сайт: www.atas.mn

Э-мэйл: atas.shuteen@gmail.com

Фэйсбуук: www.facebook.com/atas.mn 

Утас: 95115481, 99096682, 88090959