Шашны сургааль
“УМ МА НИ БАД МЭ ХУМ” ТАРНИЙН УТГА УЧИР
2017.09.25

     “Гэгээрэлд хүрэх номын хурим” номонд бичсэнчлэн, УМ МАНИ БАДМЭ ХУМ нь Жанрайсиг бурхны тарни бөгөөд Ялгуусан Бурхадын энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн илэрхийлэл юм.

Ум – тарнийн мэргүүн

Мани – Эрдэнэ

Бадмэ – Лянхуа цэцэг

Хум – Очир сэтгэлийн үр

гэсэн үсгүүд юм. Эдгээр нь нийлээд Жанрайсиг бурхныг “Эрдэнэ хийгээд лянхуаг баригч та намайг хийгээд хамаг амьтанд асрал хайр энэрэн нийгүүлсэхүй болон Бодь үнэн сэтгэлийг бидний сэтгэлд үүсгэн адислаж соёрх” хэмээн урин дуудаж байгаа үгс юм.  

     Түүнчлэн, уг тарнийг доорх байдлаар тайлбарлах нь бий:

УМ – үсгээс цацарсан цагаан гэрэл нь тэнгэрийн оронд тусч тэнгэрүүдийн үхэн егүүтгэхийн зовлонг арилгана.
МА – үсгээс цацарсан ногоон гэрэл нь асуурь нарын оронд тусч тэдний хэрүүл тэмцлийн зовлонг арилгана.
НИ – үсгээс цацарсан шар гэрэл нь хүний оронд тусч хүний төрөх, өтлөх, өвдөх, үхэхийн зовлонг арилгана.
БАД – үсгээс цацарсан хөх гэрэл нь адгуусын оронд тусч тэдгээрийн хэлгүй тэнэгийн зовлонг арилгана.
МЭ – үсгээс цацарсан улаан гэрэл нь бирдийн оронд тусч тэдгээрийн өлсөж ундаасахын зовлонг арилгана.
ХУМ – үсгээс цацарсан хар гэрэл нь тамын оронд тусч тэдгээрийн халуун хүйтнээр зовох зовлонг арилгана.