Шашны сургааль
Буддизмын үүсэл ба Будда
2017.07.27

     Буддын шашин нь хамгийн эртний шашин ба МЭӨ V-IV зуунд үүссэн юм(Христосын шашин 500-д жилийн дараа, Исламийн шашин 1000 гаруй жилийн дараа үүссэн). Буддизмийн эх суурийг хожимоо бидний “Бурхан Будда” хэмээн өргөмжилсөн эртний дорно дахиний гүн ухаантан Сиддхарта Гаутама тавьжээ. Гаутама нийтийн тооллын өмнөх 556-447 оны хооронд одоогийн Балба, Энэтхэг улсуудын нутагт амьдарч өөрийн сургаалийг өргөн олонд түгээн тарааж байжээ. Гаутама энэтхэгийн Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Люмбинид ханхүү болон мэндэлсэн бөгөөд балба энэтхэгийн хил залгаа нутагт түүний хүйг цөглөсөн гэдэг. Залуу хунтайжийн амьдрал жаргалын дээд диваажингийн адил өнгөрч байлаа. Түүнийг цаг ямагт олон арван дагалдагч нар дагалдан явж хүсэл бүрийг нь биелүүлдэг байлаа. Эрийн цээнд хүрсэнийхээ дараа ч үзэсгэлэн төгөлдөр эхнэр, үнэт эрдэнэ олон зуун татвар эмс гээд л залуу Гаутамад дутагдах гачигдахын зовлон гэж байсангүй. Өлсөх цангах ядарч туйлдахын зовлонг нэгэн хачин явдал ханхүүд тохиолдох хүртэл нэгээхэн бээр ч үзэж байсангүй. Магадгүй энэ явдал тохиолдоогүй бол Будда хэзээ ч амьдралын тухай бясалган сууж өөрийн гайхалтай номлолооо хэнд ч номлохгүй гэгээрэл гэгчид хүрэх байтугай энэ үгийг ч мэдэхгүй өнгөрөх байх байсан бизээ. Гаутама нэгэн өдөр харгалзагч нарынхаа хамтаар ордноос гарч зугаалж яваад өнгө нь гандсан буурал үстэй амандаа нэг ч шүдгүй улцан нүдтэй эрүү өвдөг нь нийлэх шахсан өвгөнтэй таарчээ. Ийм зүйл урьд нь харч байгаагүй Гаутама гайхан энэ чинь одоо юу вэ? хэмээн асуувал дагалдагч нар нь хүн хөгшрөхөөрөө ийм болдог юмаа гэж хариулжээ. Би ч бас хөгшрөх үү? гэж Гаутама асуувал дагалдагчид нь хөгшрөх нь хорвоогийн жам, хаанд ч харцад ч ялгаагүй болохыг хэлжээ. Ханхүү ч зугаалгаасаа буцаж ирээд энэ тухай удтал бодоод хөгширч өтлөх нь аргагүй ч тэр болтол олон жилийн зай байна гээд тайвширчээ. Гаутама хэд хоногийн дараа ахин дагалдагч нарынхаа хамтаар зугаалж явтал хөгшин бус атлаа хамаг бие нь салганан чичирсэн нус шүлс нь гоожсон эвгүй хачинаар бөгшүүлэн ханиалгасан хүнийг олж харчээ. Ужиг өвчний талаар, өвчин гэдэг хэлж бус хийсч ирдэг талаар мөн л дагалдагч нараасаа сонсоод ханхүү удтал гутарчээ.

     Гурав дахь удаад Ханхүү оршуулгын цуваатай таарчээ. Талийгаачийн хөрсөн цогцос хэрхэн бусдын гарын аясаар салганан гулжганахыг харсан ханхүү: Энэ чинь одоо юу вэ? гэвэл бараа бологчид нь хүн бүр хэзээ нэгэн цагт үхдэг гарцаагүй тавилан биднийг хүлээж байгаа болохыг тайлбарлаж өгчээ. Энэ бүхний эцэст Гаутама ахин зугаа цэнгэл хөөхгүй, үхэл зовлон, амьдралын талаар бясалган сууж, даяанч болохоор шийджээ. Ийнхүү тэрээр 29 насандаа ордныг орхисон ба юугаар ч үл дутсан баян тансаг амьдрал, хүсэл бүхнээ амнаасаа ч унагаж амжаагүй шахам байхад биелж байдаг нэгэн хэвийн амьдрал нь ч түүнд ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бизээ. Хүний амьдралыг сонирхолтой болгогч гол хөшүүрэг болох тэмцэл түүний амьдралд өчүүхэн төдий ч байсангүй. Хайртай бүсгүйнхээ араас гүйж үзэх байтугай өлссөн үедээ хоол олох гэж ч тэр зовдог байсангүй. Нэгэнт мөнх бусаар энэ орчлонд заяагдаж ирсэнийх амьдралын утга учир нь ийм энгийн идэх унтахаас хэтрэхгүй байгаад залуу ханхүү зовниж хүний амьдралд үүнээс илүү утга учир байх ёстой гэж үзээд өөрийн утга учрийг олохоор олон жил үргэлжилсэн өөрийн хэцүү бэрх аянг эхлүүлжээ. Тансаг баян амьдралаа олон жилийн өлсгөлөн даяанчлалаар солиж, үзэсгэлэнт гэргий, олон зуун татвар эмс, нуган үрээсээ хүртэл татгалзана гэдэг хангалуун амьдралд бялуурсан хүний л гаргах шийдвэр гэж хожимийн онолчид үзсэн байдаг. Японы алдарт зохиолч Реноске Акутагава “Хааны шилтгээнээ нууцаар Орхисон Сиддхарта бүхэл бүтэн зургаан жилийн турш даяанчилжжээ.

     Тэр хугацаанд урьд мөнхүү шилтгээнээ булхаж өнгөрөөсөн ер бусын тансаг ханалуун амьдралаа арилган цагаатгасан юм. Яг л бөглүү нутгийн мужааны хүү дөчин өдөр засаглан суусан лугаа” хэмээн “Будда” эссендээ бичсэн байдаг. Юутай ч гэсэн бодь модны доор завилан сууж ертөнцийн мөн чанарыг таних замыг оюуны онцгой түвшинд нээн олсоноор ханхүү Будда болжээ. Мах цусанд төрсөн хүн гэгээрч чадвал бурхан болдог гэсэн сургааль гагцхүү буддын шашинд л байдгаараа бусад аль ч сургаалиас илүү оюунлаг, хүнлэг, илүү эрэлч хайгуулч шашин болж чадсан юм. Будда гэдэг бидний мэдэх үг маань Машид гэгээрсэн хэмээх утгыг агуулдаг. Онолын хувьд Будда хэд ч төрж болох бөгөөд нэг бус Будда бий, Гатумагаас ч өмнө гэгээрэлд хүрсэн хүн байдаг ч анхдагч, шашины хувьд хүлээн зөвшөөрөгдсөн Будда нь Гаутама гэж үздэг. Гэгээрэл, гэгээрэлд хүрэх гэсэн оюун санааны түвшингийн талаар ном сударт бичихдээ сохор амьдарч байсан хүнийг хараа орохтой зүйрлэсэн байдаг. Гэгээрэлд хүрсэн хүн маш цөөхөн үгүйдээ хүрчихлээ гэхэд түүнийгээ тайлбарлаж рекламдаад байдаггүй болохоор энэ төлөв байдалд яг юу мэдрэгддэгийг энгийн хүмүүс бид өнөө хүртэл тайлж мэдсэнгүй. Нэгэн том ламаас энэ талаар асуухад “алимны амтыг амталж үзээгүй хүнд тайлбарлаж өгөх аргагүйтэй адил үүнийг би та бүхэнд тайлбарлаж чадахгүй нь” хэмээсэн гэдэг. Будда өөрөө гэгээрч бурханы хутгийг олсон хойноо ч тэнгэрт бус газарт энгийн хүмүүсийн дунд амьдарсаар энэ насыг элээж гүйцээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнээс үзвэл гэгээрэх гэдэг нь оюун санааны дээд түвшинг олж байгаа л ойлголт болохоос бус ид шидээр өвчин зовлон туссан бүхэнийг эдгээх тэнгэрт нисч гандсан модийг нахиалуулах ид шидийг олсон хувилгаан болчихно гэсэн үг биш гэдэг нь мэдэгдэнэ.

     Гаутама ч би гэгээрчихлээ гээд амиа бодсонгүй олон газраар аялан өөрийн боловсруулсан сургаалиуд хутагт дөрвөн үнэнийхээ талаар айлдан ядуу тарчиг амьдарсаар байжээ. Будда зүгээр нэг сэтгэгч онолч байгаад зогссонгүй аугаа их сурган хүмүүжүүлэгч байсан нь түүний сургаалиудаас мэдэгдэнэ. Тиймдээ ч түүнийг дорно дахиний судруудад тэнгэрийн багш, Ялгуусан, амьдралийн лянхуа цэцэглүүлэгч, биегүйг номхотгогч, ялж төгс нөгцчсөн, зөн билэг төгөлдөр гэх мэтээр нэрлэсэн байдаг. Будда 80 насыг зооглоод нас нөгчсөн бөгөөд энэ аугаа хүний сүүлийн үг нь Шавь нар минь та нар өөрийн зулыг өөрсдөө л асаана хэмээсэн байдаг. Энэ нь хүн бүр өөрийн зам мөрөөр амьдарсаар өөрийн үнэнд хүрнэ гэдгээ дахин сургасан нь гэж тайлдаг. Жишээ нь, хүн өвдлөө гэхэд эмчид үзүүлээд эмийн жор аваад эмийн санд очиж эм авч ууна, харин тэр жорыг тахиад, шүтээд байх юм бол тэр хүн мэдээж эдгэхгүй. Үүний нэгэн адилаар, Буддагийн сургаалиуд нь хэцүү замыг аль болох хялбарчилахыг заахаас биш, чиний өмнөөс ямар нэгэн зүйл хийхгүй, иймээс Буддизм нь Бурхан төвтэй бус Хүн төвтэй буюу, хүнийг өөрөөр нь сонголт хийлгэдэгээрээ Христос зэрэг бэлэнчлэх сэтгэлгээтэй шашнуудаас эрс ялгардаг. Ер нь өнөөгийн шилдэг сурган хүмүүжүүлэх арга болох шууд хариуг нь өгөх биш гаргалгаанд хүрэх замыг нь зааж өгөөд гаргалгаанд нь өөрөөр нь бодож эргэцүүлэн хүргэх замыг Будда аль тэртэй 2500 жилийн өмнө олж нээгээд хэрэглэж байлаа. Түүний сургаалиад шууд тулган хүлээлгэсэн аксиомоос илүү теором гэлтэй байдаг.

     Хүүгээ алдсан нэгэн ядуу эмэгтэй Будда дээр ирээд өөрийнх нь цор ганц үнэт эрдэнэ болох хүүгээ эргүүлж өгөхийг их хуврагаас хүсэхэд Будда нэг ч хүн үхээгүй айлаас аяга цагаан будаа олж ирээ хэмээжээ… Бүсгүй ч олон жил цөхрөлгүй хайсан боловч түүний үүдийг нь тогшсон айл бүрт л хэн нэгэн нь өөд болсон байж таарчээ… Эцэст нь цөхрөнгөө барсан эмэгтэй Будда дээр эргэж ирээд учир явдлаа хэлэхэд Будда тайвнаар “үхэл зовлон гэдэг хүн бүхэнд л тохиолдоно, хорвоо дээр ганц та үүнтэй тохиосон юм бишээ” хэмээсэн гэдэг. Мөн нэгэн хүн Буддад ихэд уурлан муухай үг бүрээр чичлэн дайрахад Будда огтхон ч хариу хэлэлгүй бясалган суусаар байжээ… Тэвчээр алдсан молхи эр явж одсоны дараа шавь нар нь Буддагаас яагаад та тэр хүнд нэг ч үг хэлсэнгүй вэ? гэхэд чамд нэг хүн цэцэг бэлэглэхээр бариад иржээ. Чи тэр цэцгийг аваагүй бол тэр цэцэг хэнийх вэ? хэмээсэн гэдэг. Энэ мэт энгийн байдлаар таныг гаргалгаанд хөтлөх сургааль Буддын сургаальд тун ч олон. Гэхдээ ийм үг чухамхуу төгс гэгээрсэн мэргэн хүнээс л гарах үг бизээ. Өөр ямар ч сэтгэгч онолчид ийм үг хэлж байсангүй. Өөрийн үзэл сурталийг олон түмэнд зарлан тунхаглахад л хамаг амьдралаа зориулсаар таарч байсан билээ. Шашнуудын хувьд бүр яриад ч хэрэггүй. Туйлын үнэний зам энэ л гэж хэлж байснаас хүнийг бүтээлчээр өөрөө үнэнийг таньж нээ хэмээн уриалан дуудаж байсан нь нэгээхэн бээр ч үгүй. Угтаа Буддагийн сургаалиуд нь хувь хүн өөрөө өөрийнхөө доторхи үнэн мөнийг нээж олох арга замд чиглэгдэж байснаас хэзээ ч энэ үүнд итгэ хэмээн өөрийгөө тулган хүлээлгэж байсангүй. Арга замыг заагч болохоос үр дүнг тулган хүлээлгэгч байсангүй.