Угийн бичиг
Монголчуудын угийн бичгийн үүсэл хөгжил
2017.07.27

     Аливаа үндэстэн угсаатан угийн бичиг хөтлөх өөр өөрийн аргатай байдаг. Ураг холбоно гэдэг нь харь элэгтэй хоёр хүн хоорондоо хайр сэтгэлтэй болоод гэр бүл болж байгааг хэлдэг. Ураг холбоход учир бий. Чингис хаан “Есөн үеэ мэдэхгүй хүн бол зэрлэг хүн” гэж хэлсэн байдаг. Хаан эзний үед, түүнээс ч өмнөх түүхийн үед мэдээж бичиг үсэг үүсч, түгж дэлгэрсэн нь ховорхон л байсан байх. Дандаа аман байдлаар дамжиж ураг төрлийн холбоогоо мэддэг, хоорондоо гэр бүл болдог гайхамшигтай уламжлалтай байж. Хүй нэгдлийн үед овгийн байгуулал цус ойртолтоос хамгаалах нэг чухал хэрэгсэл байсан байгаа юм. Нэг эцэг эхээс төрж улбаалсан, хоорондоо цусан төрлийн ойрхон холбоотой, хэсэг бүлэг хүн өөрсдийгөө нэг овог гэж хэлдэг байсан. Ураг төрлийн хүмүүс хоорондоо гэрлэхгүйн тулд өөр овгийн, харь элгийн хүмүүстэй гэр бүл болдог байж. Тэгэхээр яах аргагүй овог гэдэг бол цус ойртолтоос зайлсхийх хамгийн энгийн бөгөөд чухал арга байсан байх нь.
     1925 онд Монгол Улсын Засгийн газрын нууц тогтоол гарч монгол хүн овог хэрэглэх, угийн бичгээ хөтлөх явдлыг болиулсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 85 жил өнгөрч. Хүний нэг үе удам гарч ирэх генетикийн хугацаа 25 жил байдаг. Өөрөөр хэлбэл, миний үр хүүхэд төрөөд дунджаар 25 нас хүрч байж гэрлээд дараагийн үе удмаа төрүүлнэ. Тэгэхээр энэ хугацаагаар тооцох юм бол даруй гурван үе удам давсан хугацаа өнгөрчихсөн байгаа юм. Энэ хугацаанд Монголын хүн амын дотор цус ойртох үзэгдэл явагдаж байна уу гэдэг дээр Хүн судлалын үндэсний төв олон жилийн судалгаа хийж, өнөөдөр ямар түвшинд хүрчихээд байгааг нь тодорхойлж гаргаж ирчихээд байна. Генийн сангийнхаа тодорхой хувиар хоорондоо ураг төрлийн холбоотой хүмүүс гэрлэхийг цус ойртсон гэрлэлт гэдэг. Хүн 32040 гентэй гэдгийг эрдэмтэд нарийн тодорхойлсон байна. Энэ 32040 генийн 16020-ийг нь ааваасаа, үлдсэн 16020-ийг нь ээжээсээ авдаг. Өөрөөр хэлбэл генийн сангийнхаа 50 хувийг ээжээсээ 50 хувийг ааваасаа авдаг гэсэн үг. Ингэж хувь хүний генийн сан бүрддэг юм байна.