Угийн бичиг
ХҮН АМ ДАХЬ ЦУС ОЙРТОЛТ ҮНДЭСНИЙ ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ
2017.07.27

     Монголчуудын дунд цус ойртолт ихсэж, угийн бичгээ хөтөлдөггүйгээс гурав, дөрөв дэхь үедээ цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэр бүл болох үзэгдэл түгээмэл болж байгаа талаар эрдэмтэд халаглаж байна. Энэ асуудал үндэсний аюулгүй байдал хийгээд хүн амын удмын сангийн аюулгүй байдалд харанга дэлдсэн үзүүлэлт болоод байгаа нь судалгаагаар нотлогджээ.

     Хүн судлалын үндэсний төв: Монголын хүн амд сүүлийн 30 гаруй жил судалгаа хийж байна. Айлд ороод угийн бичиг хөтлөх гээд бичиглэл хийх гэхээр ямар ч насны хүн байсан өөрөөсөө дээш эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх гээд хоёр өвөг эцэг, эмэг эх хоёроо л хагас дутуу хэлдэг. Угийн бичиг хөтлөхийг болиулснаас болоод удам судраа ерөөсөө мэдэхээ больсон. Монголын олон аймгаар явж судалгаа хийсэн. Өөрөөсөө дээш эцгийн тал, эхийн талын 4-5 үеэ бүтэн хэлчих хүн ерөөсөө гардаггүй. Гурван үе дотроо л хагас дутуу. Энэ бол эмгэнэлтэй юм аа. Нөгөө талаар угийн бичиг хөтлөхөд овгоо хэрэглэхээр болчих юм шиг яриад байгаа юм. Овог маань явсаар байгаад аймаг болж задарсан. Олон овог нэгдээд аймаг болсон. Овгийн хил хязгаар задраад, аймаг гээч юм гарч ирээд бүр цаашаа өргөжөөд овгоос шинэ овог үүсээд ингээд цаашаа хэд дахин задарч сүлэлдсэн. Тийм учраас овгийг баримжаалж, цус ойртолтоос сэргийлнэ гэвэл өнөөдөр огт утгагүй болсон. 1997 онд овог сэргээж хэрэглэх тухай Засгийн газрын тогтоол гарсан юм. Гэтэл ах, дүү хоёр өөр овогтой болсон байх жишээний. Монголчуудын 86.7 хувь нь боржигон овогтой болчихсон байдаг юм. Бас нэг зүйл нэмж хэлэхэд эхийн талыг төрөл саданд тооцдоггүй, эцгийн талыг баримталж гэрлэдэг ёсон түүхэн хөгжлийн явцад байсаар ирсэн. Хүний генетикийн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл энэ бол буруу ойлголт юм. Эцэг ч хүүхдэдээ генийн сангийнхаа 50 хувийг өгнө, эх ч бас 50 хувиа л өгнө. Түүхийн мэдээллээс хараад байхад эхийн талыг их үгүйсгэсэн харагддаг юм.

     Хүн амын дотор цус ойртолт явагдаж байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт угийн бичиглэл хийдэг. Бичиглэлийн хувьд нүсэр ажиллагаа шаардагддаг. Гэх дээ энэ бол их боломжийн сайн арга. Монголын хүн амд угийн бичиглэлийн аргаар цус ойртолтыг тодорхойлъё гэхээр нэг том бэрхшээл бий. Манайхан өвөө, эмээгээ л муухан мэддэг. Жаахан лавшруулаад жилийг нь асуувал бараг хэлэхгүй дээ. Өвөг эцэг, эмэг эхийн дээд талд элэнц эцэг, элэнц эх байдаг. Тэрний дээд түвшинд хуланц эцэг, хуланц эх бий. Эдгээр түвшин рүү ороод ирэхээр үндсэндээ үе удмаа мэдэхээ больчихсон учраас энэ аргыг хэрэглэх боломжгүй болчихож байгаа юм. Тиймээс генетик тогтоцын аргыг ашиглаж хүн ам дахь цус ойртолтыг тооцоолж гаргаж ирсэн. Өнөөдөр Монголын хүн ам дахь цус ойртолтын байдал нь элэнц, хуланцын түвшинд хамаатай үр удмууд доороо очиж гэрлээд байгаа хэмжээнд хүрчихэж. Энэ бол үнэхээрийн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах, хүн амын удмын сангийн аюулгүй байдлын хувьд харанга дэлдсэн ийм үзүүлэлт.

     Цус ойртолтыг дотор нь шууд цус ойртолталсуур цус ойртолт гэж ангилдаг. Шууд цус ойртолт гэдэг нь цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэрлэхийг хэлнэ. Алсуур цус ойртолт гэхээр нэг нутаг усныхан, нэг сум, багийн уугуул хүмүүс олон үе удам дамжин хоорондоо гэрлэснээс үүсдэг. Энэ нь шууд цус ойртолтод их нэрмээс болдог. Бид Монголын хүн амын дотор нийт цус ойртолтын коэффициентийг тооцож үзлээ. Бүх аймгаар гаргасан. Нийт цус ойртолтын коэффициентийг нэгтэй тэнцүү гэж үзвэл түүний 97.24 хувийг шууд цус ойртолт, үлдсэн 2.76 хувийг алсуур цус ойртолт эзэлж байна.

     Цус ойртолтын коэффициентийг аймаг бүрээр тооцоод харахаар янз бүрийн үзүүлэлт гарч байгаа юм. Хүмүүс цус ойртолт гэхээр өөрөөсөө алс зайд ойлгоод байдаг. “Өө, тэр Хөвсгөлийн цаатнууд, эсвэл говь руугаа л цус ойртолт их байгаа биз” гэдэг ч юм уу. Гэвч тийм биш болчихжээ. Өнөөдөр танай аймаг их байна, манай аймаг бага байна гэж хоорондоо мэтгэлцэх шаардлагагүй шахам болчихож. Бид цус ойртолтын газар зүйн тархалтын зураглалыг гаргасан. Макро түвшинд буюу аймаг бүрээр харахаар алаг цоог зураглал гараад ирсэн. Харин микро түвшинд буюу Монгол орны газар зүйн уртраг өргөргийн зурвасууд, нэгж градус бүрээр тооцоод нарийн шинжилгээ хийгээд үзэхээр ерөөсөө Монгол орны өргөргийн дагуу хойноосоо урагшлах тутам цус ойртолт аажмаар ихэсдэг зүй тогтол илэрсэн. Өөрөөр хэлбэл, хүн ам сийрэг суурьшсан нутагт цөөн тооны хүмүүс хүссэн хүсээгүй хоорондоо гэрлээд алсуур цус ойртолтыг улам нэмэгдүүлж байна. Хүн амын шилжин суурьшилт маань багаас сумын төв, сумын төвөөс аймгийн төв, аймгийн төвөөсөө хүн ам олноор суурьшсан томоохон хот руугаа чиглэлтэй байдаг. Социализмын үед ч ийм чиглэлтэй байсан, зах зээлийн эдийн засагтай нийгэмд шилжсэн үед ч энэ урсгал хадгалагдаад байгаа. Хөдөөнөөс нийслэлд ирээд нийслэлийн яг унаган иргэнтэй гэр бүл болоод амьдрал зохиож байгаа нь харьцангуй ховор. Гэр бүлээрээ л нийслэлд шилжиж ирдэг.

     Монголын хүн ам дахь цус ойртолтын төвшний газарзүйн тархалтын зураглалаас харахад Монгол орны өргөргийн дагуу хойноосоо урагшлах тутам цус ойртолт аажмаар ихэсдэг зүй тогтол илэрлээ. Өөрөөр хэлбэл, хүн амын нягтрал сийрэгжихийн хэрээр цус ойртолт ихсэж байна.