Угийн бичиг
Цус ойртолтын үр дагавар, хор холбогдол
2017.07.27

     Хүн болгонд ээж, ааваас далд хэлбэрээр удамшдаг муу шинжийн генүүд хэдэн арваараа байдаг. Гэтэл цус ойртсон гэрлэлтээр нөгөө далд байсан муу шинжийн генүүд хоорондоо ижилсэх магадлал ихсэж, өвчин болж гаднаа илрэх нөхцөл нь бүрддэг. Тэгэхээр төрөлхийн удамшлын өвчин согогтой, оюуны хомсдолтой хүүхдүүд олноороо төрөх, нөгөө талаар хүний бие бялдрын хөгжил их давжаа болдог, аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаа суларч доройтдог, юмыг их хурдан түргэн сэтгэдэг оюун ухааны ир мохоо болж ирдэг. Амьгүй төрөлт, зулбалт их болж байгаа нь бүгд л цус ойртолтын илрэл. Биеийн эсэргүүцэл дархлаа суларч, ямар нэгэн өвчнийг эсэргүүцэх хувь хүний чадавхи доройтно. Ийм муу үр дагавартай гэдэг нь хүний генетикийн шинжлэх ухаанаар нэгэнт нотлогдсон зүйл юм.

     Монгол орныг бүхэлд нь хамруулж, уртраг, өргөргийн зурвас, градус квадрат бүрээр нь бид үүнийг тооцож гаргаж ирсэн. Цус ойртолтын процесс Монголын хүн амын өвчлөл, өвчний улмаас цаг бусаар нас барахад үнэхээр бодитой нөлөөлж байна. Магадлалын статистикаар бол 95 хувь, түүнээс дээш хувийн түвшинд цус ойртолтын байдал өвчлөл, нас баралтаар баталгаатай нөлөөлж байгаа нь тогтоогдсон. Өвчний олон улсын ангилал байдаг. Бүх өвчнийг 19 том бүлэгт хуваагаад түүн дотроо их олон дэд ангилал болгож задалдаг. Энэ 19 бүлэг өвчин, 32 төрлийн хорт хавдраар монгол хүн өвчлөхөд, нас барахад цус ойртолтын түвшин яах аргагүй айхавтар нөлөөтэй болчихсон байна. Хүн амыг цус ойртолтоос гаргах арга хэмжээ авахгүй бол өвчлөл, нас баралтыг дорвитой бууруулахад хэцүү болчихжээ гэдэг үр дүн эндээс харагдаж байна.

     Монголын хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа хоёр ноцтой зүйл байна. Нэгдүгээрт байгаль уур амьсгалын хахиршилт. Үүнийг эсэргүүцэх монгол хүний чадавхи цус ойртсоноосоо болоод доройтож байна. Өөр нэг ноцтой зүйл нь хүн оюуны хомсдолд ороод, бие бялдрын хөгжил нь давжаа болохын зэрэгцээ оюуны хөгжил нь дорой буурай болохын хэрээр хар амиа боддог. Ямар ч үнэ цэнээр хамаагүй, хар амиа хоохойлохыг хичээдэг. Хар амиа бодсон бэртэгчин сэтгэлгээтэй болдог. Түүний ард эх орон, амраг садан, өрөөл бусдын төлөө бодох сэтгэлгээ маш ноцтой хомсдлын байдалд ордог. Үр хүүхдээ цэвэр ариун, өсгөлүүн цовоо сайн сайхан байлгахын төлөө иргэн бүр, гэр бүл бүхэн хичээцгээе. XXI зуун оюун ухааны зуун болоход монгол угсаатан оюун ухааны болоод бие бялдрын хөгжлийн чадавхиараа манлайд нь явах ёстой юм шүү.