Угийн бичиг
Байдал нэгэнт ийм дээрээ хүрчихэж. Одоо бид яах ёстой вэ?
2017.07.27

     Хамгийн гол нь угийн бичиг хөтлөх асуудлыг маш яаралтай айл өрх бүрийн ариун нандин хэрэглээ болгох хэрэгтэй. Монгол Улсын Соёлын тухай хууль, Гэр бүлийн хуулийг жаахан хүчтэй болгомоор байгаа юм. Айл бүхэнд үүнийг хуулиар хөтлүүлэх хэрэгтэй. Хүн бүхэн есөн үеэ мэдэж хөтөлнө гэж байхгүй. Мэдэхгүй байгаа бол мэдэх үеэ хүртэл хөтлөх хэрэгтэй. Цаашаа тасрахгүй хөтлөөд явбал магадгүй 50, 100 жилийн дараа Монгол Улс хамгийн оюунлаг, эрүүл чийрэг бие бялдартай, хамгийн топ үндэстэн гэсэн тэр чанартаа хүрэх ёстой. Угийн бичиг хөтлөөд эхэлмэгц л нэг сар, нэг жилийн дотор цус ойртолтоос бүрэн гарна гэж байхгүй. Өнөөдөр тэгж зузаарчихаад байгаа юм чинь зузаарсныхаа хэрээр тийм их хугацаа шаардана.

     Харин айл өрх бүхэн угийн бичгээ яаралтай хөтлөөд цус ойртолт хүн амын дунд багассаар тодорхой хугацааны дараа үүнээс ангижрах нь ээ гэж ойлгож болно. Доктор хамгаалсан бүтээлдээ би хэд хэдэн санал зөвлөмж гаргасан юм. Олон сум баг бригад болгоод хуваачихсан Монгол Улсын засаг захиргааны өнөөгийн бүтэц нь төрийн үйлчилгээг хүн амд хүргэх талаасаа сайн байна. Харин нөгөө талдаа ямар сөрөг үр дагавар байна вэ гэхээр нэг нутаг усныхан олон үе дамжин нутаг усны хараа бараа, танил талын хүрээнд хүлэгдмэл гэрлэлтийн жижиг бүлэглэлүүд үүсэх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймд энэ бүтцийг задлаад, засаг захиргааны хуваагдлын зарчмыг өөрчлөөч ээ гэж хүсэж байна. Төрийн бодлогоор хүн амын нягтаршил сийрэг байгаа газрууд руугаа хүн амыг зохистой шилжүүлэн суурьшуулах хэрэгтэй байна. Хүн ам сийрэг болсон газруудыг үйлдвэржүүлэх, их, дээд сургуулиуд байгуулах, зам харгуй тавих, залуучууд хоорондоо уулзаж учрах тэр нөхцөлийг нь төрийн бодлогоор бүрдүүлж өгөөч ээ гэж буй хэрэг. Угийн бичгийг хөтлөх асуудлыг бид хамтын хүчээр ард түмэндээ аль болох хурдан ойлгуулж хөтөлж эхлэх л арга хэмжээ авч чадвал том алхам болно.