Зан үйл
Сан тавих ёс
2017.07.27

     Бурханы шашин дэлгэрсэн газруудад “Сан тавих” хэмээх ёс зан үйл ихэд дэлгэрсэн байдаг. Бүр Бурхан гэгээний үед Магдасанмо гэгч элдэв сайхан үнэртэнг найруулан шатааж байшингийнхаа дээр тавьсан утаагаар Бурхан багшид тахил өргөж байсан хэмээн “Магдасанмо домог”-т өгүүлсэн байдаг. “Үнэр дор гурван зүйлийг мэдэж үйлд…” хэмээсэн нь сангийн гарвалыг үзүүлсэн ажээ. Энэтхэгийн их бандида тарнич Ловон Бадмажунай Төвд оронд залагдан ирж, догшин газар лус савдагийг номхотгохын тул ном тарни уншин арц ганга тэргүүтэн элдэв сайхан үнэртэнг уугиулж байсан гэдэг. Энэ нь сан тавих зан үйлийн эхлэл байжээ. Монгол нутагт Бурханы шашин дэлгэрэхийн хамт сан тавих зан үйл түгээмэл болсны зэрэгцээ улам баяжин хөгжсөн байна. Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар өөрийн багш IV Ванчин Богд Лувсанчойжижанцанд Ар халх даяар ган, зуд, гай барцад, элдэв харшлах шалтгаан бүгдийг ариусгаж айл хотолоор амар түвшин элбэг баян байлгах, буян хишиг хайрлах үг цөөн утга гүн увидасыг хайрла..” хэмээсэнд “Дашчарвэв сан” буюу “Өлзий хутгийн хурыг буулгагч сан”-г Ар халхчуудад зориулан тухайлан айлдаж өгчээ.

     Иймийн тул Өндөр гэгээн бээр “Дашчарвэв сан”-г хурлын уншлагад тогтмол уншуулах болсны сацуу айл гэртээ уншуулан даллага авхуулах ёсон Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн ажээ. Ингэж хурал номын газар болон орон гэртээ дээрх санг айлдуулснаар бүтэн жилийнх нь гай барцадыг арилгах зэрэг ач тус адистэд ихтэй сан юм. Үүнээс гадна олон зүйл сан байх бөгөөд Бурхан сахиус, орон хангай, лус савдаг, див бузар, наймаа ганзага, хийморь, гэр орон, галын сан тэргүүтэн болой. Сан тавиулахад сангийн бойпортоо чулуун нүүрс тэргүүтэн элдэв муухай зүйлийн үнсийг оруулж болохгүй. Зөвхөн аргалын үнсээр дүүргэж хийдэг. Сан тавих арцандаа агь, ганга, улаан цагаан зандан, гүрүм, гавар, гүгүл зэрэг аль болох олон сайхан үнэртэнг нунтаглан арцандаа хольж арцаа шулуун буюу нар зөв тойруулан хоёр янзаар цувихын алинаар ч болох бөгөөд баруун талаас нь асаадаг болой. Мөн сангийн идээ, чамар, сүү цайны дээж тавих ёстой. Арцаа уугиулсны дараа рашаан усны зүйлээр сүрчинэ.