Үйл ажиллагаа
БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР
2017.06.29

     Бурхан багшийн их дүйчин өдөр тавдугаар сарын 21-нд буюу бямба гаригт тохиох гэж байна. Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн бурханы хутгийг олсон, нирваан дүрийг олсон гээд гурван их үйл давхацдаг энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин үрждэг хэмээн үздэг. Тиймээс зуны тэргүүн сарын шинийн 15-ны энэ өдрийг бурхны шашинт Азийн бүх улсууд тэмдэглэдэг аж.

     Монгол Улсын хувьд 26 дахь жилдээ Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх гэж байгаа юм. Энэ жилийн хувьд зөвхөн Улаанбаатар хотоос гадна бусад хотуудад ч хүмүүнлэгийн аян, номын айлдварыг хийж эхэлжээ. Тухайлбал, Дархан хотод Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт шаардлагатай аппарат, тоног төхөөрөмж хандивлажээ. Мөн бусад хот, нийслэлд сарын хугацаанд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийг төрийн бус байгууллага, сүсэгтэн олны хандиваар бэлэглэх ажээ.

     Бурхан багшийн их дүйчин өдрийн албан ёсны арга хэмжээ тавдугаар сарын 21-ны өглөөний 05.00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн сахил хүртээх, Сожон өгөх үйл ажиллагаагаар эхэлж, Бурхан багшид тахил өргөх, ламын чодбын хурал, Ганжуур данжуур судартай гороогоор үргэлжилнэ.

     Энэ өдөр Чингисийн талбайд 11.00-12.00 цагийн хооронд “Гэгээн гэрэл флашмоб” 2080 хүний оролцоотойгоор зохион байгуулах бөгөөд 12.00-13.00 цагт Чингисийн талбайд Бурхан багшийн их дүйчин өдөрт зориулсан сүрт жагсаал болох аж. Энгийн өдрүүдийг бодвол энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин арвиждаг учраас Бурхан багшийн их дүйчин өдрийн үйл ажиллагаанд сүсэгтэн олныг идэвхтэй оролцож, буян үйлдэж, даган баясахыг уриалж байна..